Монгол.Угсаатан : Удмын арван хоёр үе төрөл

Удмын арван хоёр үе төрөл

Амь ургын аав ээж бид гурваас эхлэн удмын нэгэн мөч үеийн бүх төрөл ахан дүүсээ хамарсан тэнгэр төрлөө хүртэл энэ их төрлийнхөн нь бүгд нэгэн алтан ургийнхан нэгэн мөч үеийн удмын ураг төрөл мах цус, ясан хэлхээний тасархай холбоо барилдалгаатай ураг удмын улс юм. Эдгээрийг нэгэн удмынхан гэнэ. Удмын 12 үе төрөл нь алтан ургын наран өвгөдийн үе бүрээр тухайн үе төрөл нь нэрлэгдэж явна. Тухайлбал миний бүлэн төрөл авга ах Айнаа 1921 оны партизан хүн. Миний тэргүүн төрөл их авга Баавай Утай гүмбэн хүртэл явж ном үзсэн их том лам хүн байсан гэх мэтээр өөрийн алтан ургын өвгөдөөрөө төрлийн хүрээгээ тогтоон хэрэглэж байдаг. Нэгэн удмынхан гэдэг маань нэг урагтай үүсгэр ураг нэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Хүн ураг удмаа дараах байдлаар хуваан төрөлсөнө.

1.    Аги үеийн төрөл. Энэ нь амь ураг төрлөөс тэргүүн төрөл хүртэлх төрөл орох бөгөөд энэ нь бодьгал хүний амьдран байж болох үед багтах баримжаа юм үе юм.

2.    Аглаг үеийн төрөл тэнгэр төрөл хүртэлх төрөл хамаарах бөгөөд энэ нь овог удамшин төрөлсөн төрөл юм.

3.    Сунжирсан үеийн төрөл. Энэ нь удмын урд үеийн мөч мөчлөгийн төрлөө хэлэх бөгөөд эх-эцэг, эх-хүй нэгтэй үүсгэрийн ураг төрлөө нэрлэнэ. Эдэнтэйгээ хүн удмын зурлага түүх шастираараа төрөл болж байдаг. Бодьгал хүн нь өөрийн алтан ургаа дагуулж удмын 12 үе төрлөө дамжин төрөлсөж удмын нэгэн мөч үеэрээ түүх шастир зурлагаа таслан хэсэглэн эмхэлж байх нь удмын зурлага шастирийг эмх цэгцтэйгээр хөтлөхөд онцгой амар товч байдаг болно.



Хүмүүний мах цусан барилдлага

Төрөл хүмүүс нь ямар нэгэн хэмжээгээр бодьгал биеийн эс бөөмийн хэсгээр холбоотой хүмүүс учир тэднийг нэгэн удамд багтаан төрөлсүүлж байдаг билээ. Эрт үед хүн өөрийн аавын талаа ясан төрөл, ээжийн талаа цусан төрөл гэж ялган нэрлэж байсан. Уг нь аль алинийх нь яс цус махных нь эсийн үргэлжлэл тасархай уг бие бодьгал өөрөө мөн юм. Иймд цаашид эцэг талаа наран төрөл, эх талаа саран төрөл гэж ялган нэрлэж тухайн бодьгал хүн наран саран төрлийнхөө аль алинийх нь мах цус ясны үргэлжлэл гэж ойлгон өөрийн энэ биеийн барилдлага холбоогоо төрлийн мах цус ясан барилдлага буюу биеийн барилдлага гэж нэрлэнэ. Төрөл нь холдох тусмаа мах цус ясан барилдлага нь багасан холдон харьсаж байдаг. Энэ байдлаар нь удмын төрлийнхөнийгээ ураг, элгэн, цусан, ясан, угсаан барилдлагатай гэж зааглан биеийн барилдалгаагаа харьсуулж байдаг билээ. Ер нь удмын нэгэн гол асуудал бол өөрийн мах цус ясныханы ойртон ураг барилдаж хүмүүний яс чанар муудахвий гэсэн асуудал байдаг тул ураг удамдаа биеийн барилдалгаагаа сайтар мэдэж байх хэрэгтэй юм. Хүмүүн нь өөрийн 12 үе төрлөө мах цус ясан барилдалгаагаараа 5 хэсэгт хуваан төрөлсөнө.

1.    Ураг төрөл: энд амь ураг төрлөөс төрсөн ураг төрөл улс орно.

2.    Элгэн төрөл: энд амь ураг төрлөөс бүлэн төрөл хүмүүс орно.

3.    Цусан төрөл: энд амь ураг төрлөөс тэргүүн төрлийн улс хамаарна.

4.    Ясан төрөл : энд амь ураг төрлөөс язгуур төрлийн хүмүүс хамаарна.

5.    Угсаа төрөл : энд амь ургаас тэнгэр төрлийн бүх хүмүүс буюу удмын 12 үе төрөл нэг мөчийнхөн хамаарна.

Мах цус ясан барилдалгаат төрлөө мэдэснээрээ Монголчуудын цус ойртох гэж ярьдаг ургийн чанар сулдах, гэрлэлтээс сэрэмжлэх боломжтой ба яс цусан барилдалгаагаараа бие биедээ ойр дотно төрлийн барилдалгаатай явахад онцгой ач холбогдолтой юм. Хүний мах цусан барилдлагыг дагаж удмын генийн уламжлалаа үе бүрд дамжин хадгалаж явдаг учир манай монголчууд ураг удмаар нь хүнийг нилээд сайн шинжин судалж дүгнэдэг бөгөөд удам угсаа сайтай хүмүүстэй ураг барилдаж төрөлсөх талаар онцлон анхаарч байдаг билээ.



Өрх гэрийн тухай

Галаа асааж өрхөө тусгаарласан бие хүн, амраг хос амь ураг, төрсөн ураг, их ургийнхныг тус бүрт нь өрх гэрийнхэн гэнэ. Өрх бүр нь бүрдэж байгаа бодьгал гишүүдээ ам бүл гэнэ. Өрх гэр нь ам бүлээсээ хамаарч дан, бүтэн, давхар, бүтэн давхар, бүрэн давхар айл өрх гэж байж болно.

Хүмүүний унаган олонлог, Өрхийнхөн

Амь ураг, төрсөн ураг төрлийнхөн нь нэгэн эцэг эхээс төрсөн нэг ургынхан учир нэгэн галын өрх гэр улс болно. Тэдгээрийг бүхэлд нь “Өрхийнхөн” гэнэ. Өрх өсгөж их ураг бүрэлдүүлсэн, ам бүл нэмж буй бэр, хүргэн, ач, зээ нар нь өрхийнхөний их галынхан учир өрхөд багтаж их гэрийн улс болж явна. Их өрхийнхөн нь гуч хүү, зүс хүүгийн үед ч байж өрхийн зохион байгуулалттай явах боломжтой . Ер нь өрхийнхөн буюу өрх улс гэдэг нь хүмүүний анхны унаган /аги/ бүлэг, хүйн олонлогын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий нэр юм. Өрх нь хүмүүний бүлэг олонлогын хувьд өрхийн тэргүүн, өрхийн эзэгтэй, өрхийн гишүүдтэй байна. Тэднийгээ өрхийн ам бүл гэнэ. Өрхийн ам бүлийн гишүүд нь хоорондоо амь, төрсөн, их ургийн холбоотой ураг төрөл улс байх ба аав, ээж, ах, дүү, эгч, эги гэсэн үндсэн хэлхээтэй, хүргэн бэр гэсэн урагласан салбар хэлхээтэй. Ач, зээ гэсэн үелэн үржих хэлхээнээс бүрэлдэж байдаг.

Өрхийнхөн буюу ураг төрөл

Нэгэн ургийн хүхдүүд нь өрх өсгөж галаа тусгаарлаж их гэрээ томосгох тусам өрх гэрүүд олширч өрхийн бүтэц зохион байгуулалт алдарч өрхүүдийн нэгдэл отог бүрэлдэж үүсэх нөхцөл бүрдэнэ. Өрх нь хүмүүний удмын төрөл олонлогын анхны бие даасан бүтэц учир өрхийн тэргүүнтэй байна. "Өрхийн тэргүүн гэж гэрийн эзэн, эхнэрийн нөхөр хүүхдүүийн эцгийг хэлнэ." ... эсвэл өрхийн гишүүдийн ахмад хөвүүн буюу өргөсөн асарсан эвлэг хойт эцэг байж болно. Өрхийн эзэгтэй гэж нөхрийн эхнэр, хүүхдүүдийн эхийг хэлнэ. Өрхийн гишүүд гэж ургийн хүүхдүүд гэрийн бусад хүмүүсийг хэлнэ.

Төрлийн олонлогын бүтэц зохион байгуулалт

Удмын ураг төрлийнх нь өөр хоорондоо төрөлсөн мах цусан барилдлагаа тогтоон төрөлсөхийн хамт хүрээ хамаарлаараа ураг удмын бүтэц зохион байгуулагдаж түүндээ хамаарагдан байх учиртай болдог байна. Ураг удмынхан нь нэгэн мөч үе дотроо 5 үе хүрээнд хамаарагдан зохион байгуулагдана.

1.    Өрхийнхөн- амь ураг төрөл төрсөн, их ураг төрлийнхөн орно.

2.    Отгийнхон- өрхүүдийн нэгдэл бөгөөд амь ургаас бүлэн төрлийнхөн хамааран багтана.

3.    Омгийнхон- өрх отгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс тэргүүн төрлийнхөн хамрагдан багтаж байдаг.

4.    Овгийнхон- өрх, отог, омгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөс язгуур төрлийнхөн багтаж хамааран орно.

5.    Удмынхан- Овгуудын нэгдэл бөгөөд амь ураг төрлөөр тэнгэр төрлийнхөн буюу удмын нэгэн мөчлөгт орох бүх ураг төрлийнхөн хамааран багтана.

Өрх, отог, омог, овог, удмынхан нь бүлэглэн томорсон ураг удмын олонлог бүтцийн хэлбэр тул тодорхой зохион байгуулалтанд хамрагдах учиртай болж ирдэг байна. Энэ нь аяндаа өрх, отог, омог, овог удмын тэргүүн болон эзэгтэй нарыг бий болгодог байна. Ураг төрлийн олонлогын тэргүүнүүд нь ураг удмын ёс журмаар болон отог, омог, овог, удмынхаа зөвшлөөр нас намба, чадвар, ухаан, авъяас зэргээс нь харгалзан өргөмжлөн хүлээн зөвшөөрч хүндэтгэсэн хүн байна. Харин ураг төрлийн олонлогын эзэгтэй нар нь голчлон тэргүүнүүдийн эхнэрүүд байх боловч өөрийн удмынхаа эмэгтэй хүүхдээс өргөмжлөн уг олонлогынхоо эзэгтэй болгон хүндлэн дагаж болох учиртай байдаг болно.

Ураг удмын олонлогын тэргүүний онцлог

1.    Өрхийн тэргүүн  /гүйцэтгэх тэргүүн/ Ураг төрлөө шууд захирч удирдан ахлан гүйцэтгэнэ. Өрхийн тэргүүн нь аав буюу ахмад хүүд байх болно.

2.    Отгийн тэргүүн  /удирдах тэргүүн/ Элгэн бүлэн төрлөө өрхийн тэргүүнүүдээрээ дамжуулан шууд ахлан удирдана. Отгийн тэргүүн нь өвөө аав буюу авга ах нараас байна.

3.    Омгийн тэргүүн  /зохицуулах тэргүүн/ Буурал, өндөр, тэргүүн төрлийнхөнөө буюу цусан төрлийнхөө отог, өрхийн тэргүүнүүдээр дамжуулан ураг удмын журмыг зохицуулан удирдах. Омогийн тэргүүн нь омгийн ахмад хүн буюу өргөмжилсөн ураг удмын хүн байна.

4.    Овгийн тэргүүн  /тэргүүлэх тэргүүн/ ураг төрлөөс язгуур төрөл хүртлэх 9 үе төрлийнхөний тэргүүлэх хүндэт удирдагч овогийн тэргүүн нь ураг удмын өргөмжилсөн хүн байна.

5.    Удмын тэргүүн  /билэгдэлийн тэргүүн/ Урагаас тэнгэр төрөл хүртэл 12 үе төрлийнхөн буюу удмын тэргүүн нь удмынханы өргөмжилсөн хүн байна.

Удмын нэг мөч үеийнхэний хүндтэй, удмын алдар гавъяатай, ухаан эрхэм чадалтай, уг удмын нэр төрийг өргөн, авч явах, эрхэм удирдагч байна. Өрхийн тэргүүнийг хэзээ ч сонгодоггүй ургын журмаар л өөрөө бий болгодог. Отогийн тэргүүн ч гэсэн бараг л өвөө буюу ахмад авга ах нараас голчлон байх жамтай болдог. Омог, овог, удмын тэргүүнийг ураг удмынханы саналыг харгалзан өрх отгийн тэргүүнүүд сонгон суулгаж болох талтай. Ялангуяа удмын тэргүүн нараа бол бүр ч тодорхой болов уу гэж үзэж байна. Аль ч тэргүүн нь өөрийн удмын түүх, шастир зурлагаа нандигнан авч явах учиртай. Салбарласан ургийн зурлагуудыг нэгтгэн эмхтгэх удмын мөч мөчлөгийг тогтоох удмын уг нэр болон чимэг нэрүүдийг шинэчлэх, өөрчлөхөд тун чухал ач тустай байх нь чухал юм. Нөгөө талаар удмын тэргүүнүүд нь өөрийн удмаа нэр төртэй сайн сайхан байлгахад онцлон анхаарах нь мэдээж. Үүнд:

1.    Удмын генээ цэвэр ариун байлгах.

2.    Удмынхаа ураг төрлийг ухаалаг ажилч, хөдөлмөрч, бүтээлч байлгах.

3.    Улс үндэс, удмынхаа ёс заншлыг өвлүүлэн ураг төрлөө хүмүүжүүлэх .

4.    Ураг удмынхаа ядмаг нэгэнд нь тус дэм өгөх, сайн нэгийг нь дэмжин дээшлүүлэх

5.    Сайн сайхан удмаа авч явах өрх гэрүүдийг бий болгох, үр удмыг нь сайн сайхан хүмүүс болгоход анхаарч уг удмаа улс орон үндэс угсаандаа нэр төртэй, алдар хүндтэй байлгахад онцгой үүрэг үр нөлөөтэй байх нь гарцаагүй юм. Иймд өөр өөрсдийнхөө удмаа дээрх өрх, отог, омог, овог, удмын тэргүүнүүдээ тодруулан ураг удмын журмаа тогтоон хэвшүүлэх нь ойлгомжтой болов уу хэмээн бодож болно.



Төрлийн олонлогийн хүрээ

Ураг удмынхан өрх, отог, омог, овог, удмын бүтэцтэй байх ба ураг элгэн, цусан, ясан угсаа барилдлагаатай төрөлсөн тодорхой хүрээнд багтаж байх учир дараах удмын 5 хүрээнд хуваан хамааруулна.

1.    Унаган гэрийнхэн. Энэ нь амь ураг төрөл, төрсөн ураг төрлийнхөн багтах бөгөөд ураг төрлийн өрхийнхөний хамрах хүрээ юм.

2.    Их гэрийнхэн. Энэ нь амь ураг төрлөөс бүлэн төрөл багтах ба элгэн төрөл отгынхоний хамрах хүрээ юм.

3.    Өргөө гэрийнхэн. Энэ нь амь ураг төрлийнхөнөөс тэргүүн төрлийнхөн багтах ба цусан төрөл омгийнхон хамрах хүрээ юм.

4.    Их өргөө гэрийнхэн. Энэ нь амь ураг төрлөөс язгуур төрлийнхөн багтах ба ясан төрлийн овгийнхоны хамрах хүрээ юм.

5.    Орд өргөө гэрийнхэн. Энэ нь амь ураг төрлөөс тэнгэр төрөл буюу удмын нэгэн мөч үеийн 12 үе төрөл багтах ба удмынханы хамрах хүрээ юм.

Ураг удмын олонлогын хүрээ нь бүтэцтэйгээ шууд хамааралтай адил байгааг ойлгосон байх. Энэхүү төрлийн олонлогын бүтэц хүрээ нь удмаа өндөр эмх цэгцтэйгээр авч явахад ураг удмын гишүүн бүрт ашиг тустайн дээр ураг удмын зурлага, шастир, түүхээ зөв тодорхой байлган зохион байгуулахад эрхэм чухал билээ. Нөгөө талаар ураг удмаа өөд татах үрс хойчоо болон залуус багачуудын хүмүүжил, ёс заншил, зан чанарт сайнаар нөлөөлөх олон талт үйл ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой байх нь мэдээж тул монгол түмэн та бүхэн удмынхаа олонлогын хүрээ, бүтэц, зохион байгуулалтанд оруулан ураг удмаа бататган удмаараа ухаалаг амьдарч уламжлалаа хадгална гэж бодож байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
kasSak aav (зочин)

Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон ХОЛИОН БАНТАН энэ нь МОНГОЛ улсын нөхөн үржихүй болон хүчирхэгжин хөгжихөд том саад АЮУЛ бусуу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)