Монгол.Угсаатан : Монгол угсаатны удам гарал

Монгол угсаатны удам гарал






Алунгоо эхийн тавдугаар хөвгүүн боржигин овгийн Боданчар мунхаг байгуулсан улсаа “Монгол” хэмээн нэрлэж тэрээр “хан” цолтой байсан гэж Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д тэмдэглэжээ. Боданчарыг монгол сурвалж бичгүүдэд “Мон хан” хэмээн тэмдэглэсэн байна. Домгийн агуулгаар уламжлагдан XIII зууны үе хүрч ирдэг Боданчар мунхагийн тухай “Эргүнэ-Кунгийн домог”-т тодорхой гардаг байна. Энэхүү аман түүх нь Монголчуудын язгуур гарлын тухай сонирхолтой мэдээ мөн боловч чухам яагаад ийм аман түүх мэт домог нэгэн үед үүсэн уламжлагдсан болох нь бас гүйцэд тодорхой биш юм. Зарим эрдэмтэдийн бүтээлд монголын анхны “хан” цолыг Хайду хүртсэн тул тэрээр Монголын анхны хаан мөн гэнэ. Энэ нь нийт Монгол угсааны нэгдсэн төрийн хааныг хэлсэн бус язгуурын Монголын хааны удмыг хэлсэн болой.
Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д тэмэглэснээр олон зуун жилийн тэртээ буюу МЭӨ язгуур Монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад цохигдон хүн амын олонхи нь алагдаж зөвхөн нохос, хиан хиад хоёроор толгойлуулсан хоёр тэргүүлэх яс буюу ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж, Эрүгэнэ-Кун хэмээх газарт хүрч нуугдан нутаглажээ.
Рашид-Ад-Диний тайлбарласнаар бол Эрүгэнэ гэдэг бол эгц уул, Кун гэдэг нь ташуу уул гэсэн утгатай ажээ.
Харин энэхүү Эргүнэ-Кун гэдэг газар хаана байгааг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж иржээ. Дээр үед Эргүнэ-Кунгийн тухай монгол ардын домог олон байжээ. XIII зуунд Иранд очсон Монголчууд Эргүнэ-Кунгийн домгийг сайн мэддэг байсанаар барахгүй бараг нүдээр үзсэн мэт ярьдаг байжээ.
Эргүнэ-Кун бол эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн их л давчуухан бөглүү газар байсан мэт бөгөөд гаднаас ганцхан зөрөг зам нэвтрэн ордог гэдэг. Тэр зөрөг замыг гадны хүн олж нэвтрэхэд хэцүү ажээ. Монголчууд ийм бөглүү газар дөрвөн зуу гаруй жил нутаглан суужээ. Тэрхүү дөрвөн зуу хол илүү жилд хүн ам нь өсч, хоёр гол яснаас салбарлан нукуз нохос, урианхайд, хонгирад, ихрэс, олхонуд, элжигин, арлут, сүлдэс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэн хэмээн Рашид-Ад-Дин зохиолдоо нэрсийг нь дурдсан байдаг. Гэвч 20 гаруй биш түүнээс олон овог салбарласан биз ээ. Эрдэмтэн Лю Жэнсо монголчууд Эргүнэ-Кунгаас гарч ирэхдээ 70 ссалбар овог болон өргөмжилсөн нь үнэн гэжээ.
Эргүнэ-Кунгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудыг ерөнхийд нь дарлигин монгол гэдэг байжээ. Тэрхүү Эргүнэ-Кунгаас гарч ирсэн дарлигин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй Бүртэ-чоно байжээ. Бүртэ-чоно гэдэг үгийг өнгөн талаас харахад бор өнгөтэй чоно гэсэн утгатай мэт боловч чухамдаа энэ нь домгийн баатар уу, эсвэл түүхт хүн үү гэдгийг эргэцүүлэн судлавал түүхт хүн болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл Бүртэ бол хиад ясны хүн байсан бөгөөд авааль гэргий нь Гоо Марал байсан гэж үзэж болох юм. “Монголын нууц товчоо”-нд Бүртэ-чоно гэдгийг ард “буга” гэдэг хятад дүрс үсгээр орчуулга хадсан нь үг үсгийг махчилсан орчуулга болохоос утга санааны орчуулга биш бололтой юм. Эргүнэ-Кунд анх нүүж очоод нуугдсан гэгдэх “нохос” хиан хоёр бол овог биш, ясан ураг байсан байна. Энэхүү нохос, хиан яснаас салбарлан олон овог үүсчээ. Тэгвэл Бүртэ бол чинос ясны ахлагч нь байжээ. Өөрөөр хэлбэл Бүртэ-чино бол онгон шүтээн болсон араатан амьтны нэр биш, Монголын өвөг дээдэс болсон хүний нэр юм.
Сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр бол тухайн үедээ, тэрээр Бүртэ Монгол овогтон аймгийн холбооны ахмад удирдагч нь мөн бөгөөд түүний шууд харъяалж байсан аймгуудыг Монгол буюу монгол овогтон гэж нэрлэж байжээ.
Бүртэ-чино олон хөвгүүнтэй байсан хэмээн Рашид-Ад-Дин бичсэн байдаг.
Бүртэ-чино-ын дараа түүний хүү Батцагаан гол Монголыг захирсан зонхилогч болж, бас “хан ” хэмээн цолтой байжээ.  Бүртэ-чиноос Чингис хаан хүртэл 24 үе уламжилсан гэж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, Лу “Алтан товч” зэрэг сурвалж бичгээс үзвэл, Бүртэ-чино бол тухайн үедээ дарлигин монголын дотор ихээхэн нэр нөлөөтэй, авъяаслаг удирдагч болсон хүний дүр гарцаагүй мөн гэлтэй.
“Монголын нууц товчоо”-г сөхмөгц “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бүртэ-чино ажгуу” гэж бичсэн буй. Харин Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д Бүртэ-чино-ын тухай “нууц товчоо” зэрэг сурвалжаас арай тодорхой мэдээ тэмдэглэгдэн үлдээжээ.  Гэхдээ энэхүү Эргүнэ-Кунгийн домог нь Монголчуудын дотор амаар уламжлагдан яригдсаар овгийн түүх, ургийн хэлхээ болон үлдэж, улмаар гэрийн түүхийн шинжийг хадгалан уламжлагджээ. Энэ тухай “Судрын чуулган”д бичсэн нь: “Тэр хоёр хүмүүн нохос, хиан-ий үр язгуурын дотор Бүртэ-чино гэдэг хүн нэгэн буй. Тэр бол хэд хэдэн аймгийн ахмад мөн. Гоо Марал гэдэг нэртэй авааль эмээс төрсөн нэгэн хөвгүүн нь олноос онцгой бөгөөд хожим хан цолтой болжээ. Энэ хөвгүүнийх нь нэр Батцагаан гэдэг” гэжээ. Энэ байдлаас үзэхэд язгуурын монгол аймгийн дотор давхаргын ялгавар гүнзгийрч хаан тэргүүтэй овог аймгийн холбоо үүсэн бүрэлдсэн нь улмаар төр улсын шинж төлөв олж байсны нэгэн гэрч бололтой. Тухайн үед Бөртэ-чино хэмээх төв монголын язгууртан хүн Гоо Марал нэртэй ойн иргэний бүсгүйтэй нийлж ураг холбожээ. Энэ утгаараа бүх Монголын язгуур үндсэндээ нэг санаа агуулагдаж байна. Энэ талаар зарим Монгол сурвалжид сонирхолтой мэдээ тааралдддаг. Тухайлбал: Лувсанчойдонгийн “Монголын зан аалийн ойлбор” гэдэг зохиолд “гуравдугаар хөвгүүн Бүртэ-чино-ын бие буруулж, Өөлд улсад ирж нутагшив. Бүртэ-чино болбоос Өөлд аймгийн Гоо Маралыг биедээ гэргий болгон авсан” гэж бичсэн байна. Зарим Монгол сурвалжид, Тан улсын Дэ Цзун хааны “чжэн-юан”-ий 2-р он 786 буюу гал барс жил Бүртэ-чино-ын 29 настайд Батчахан Батцагаан төрсөн хэмээн бичсэн байна. Энэ зурвас мэдээг үндэслэн мөшгөвөл, Бүртэ-чино өөрөө шороо нохой жил буюу 758 онд, Боданчир төмөр морин жил буюу 970 онд, Чингис хаан усан морин жил буюу 1162 онд тус тус төрсөн болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Бүртэ-чино төрснөөс Боданчар хүртэл 212 жил болсон байна. Бүртэ-чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан Халдунаас Онон, Хэрлэн, Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж бараг хэдэн зуун жилийн турш Бүртэ-чино ба түүний язгуур угсаа нь үндсэндээ “язгуур монгол”-ын нутаг дэвсгэрийг дахин тогтоохыг эрмэлзэн тэмцэж явснаар тэр нь XII зууны дунд үед жинхэнэ биелэлээ олсон ажээ. Бүртэ-чино эцгээ залгамжлан Монголыг захирч байсан Батцагаан ханы дараах Монгол аймгийн зонхилогчид нь түүний шууд угсааны Тамача, Хоричар Мэргэн, Уужим буурал, Саль Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу нар байсан болно. Харчугийн хөвгүүн Боржигидай мэргэнээс Монгол овог аймгийн дотор тодорхой шинэ үе эхэлжээ. Бурхан Халдуны өврөөр нутаглах язгуур Монголын чинээлэг угсаа Боржигидай мэргэний хатан Монголжин Гоо жинхэнэ үзэсгэлэн гоо монгол эмэгтэйн дүр мөн билээ. Боржигидай мэргэн, Монголжин Гоо хатан хоёр бол Боржигин овгийн өвөг дээдсийн үлгэрийн биш үнэн дүр мөн бололтой байдаг.Судалж үзэхүл Боржигидай мэргэн бол Бүртэ-чино-ын шууд угсааны хүмүүн бөгөөд Бурхан халдун уулын өвөр этгээдэд орших Ботхон Боорчин голын эхэн газар төржээ. Боржигидай мэргэний эцэг Харчу бол Бүртэ-чино-ын есдөх үеийн ач болно. Боржигин овгийн Боржигидай мэргэн бол язгуурын монгол аймгийн гол цөмийг бүрдүүлсэн дарлигин салбарын хиан ястны ахлагч мөн ажээ. Монголжин Гоо болбоос  ойд амьдарч байсан ойн иргэний угсаа бөгөөд тэр нь Монгол туургатаны нэгэн болох Хори түмэд аймаг бололтой.
Боржигидай мэргэн алс холын ойн иргэн Хори түмдийн Монголжин Гоотой ураг холбосон нь тухайн үеийн ихэс дээдсийн ураг барилдах ёсонд сүрхий зохицсоноор барахгүй төв Монголтойгоо бусад Монголоо нийлүүлэн холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл өвөгтөн гурван голынхон, өрөөлтөн бусад монгол гэдэг нэр томьёо чухам тэрнээс үүссэн бололтой. Боржигидай мэргэн хэдийгээр баян тансаг, бас тэгээд мэргэн харваач хүн байсан хэдий ч онож суурьшсан газар нутаг байхгүй байсан бололтой юм. Монголжин  Гоогоос төрсөн Торголжин баяны хатан Борогчин Гоо гэж байжээ. Хоёулаа удам дагасан язгууртан гэр бүлийн хатад юм.
Борогчин гоогоос Дува сохор, Бубу мэргэн хоёр хүү төржээ. “Мэргэн” гэдэг нь “сайн харваач” гэсэн утгатай ажээ. Ах дүү хоёр өөр хоорондоо эв найртайгаар зохицон амьдарч Дува сохор нь Добу мэргэн дүүдээ тусалж чинээлэг сайн гэр бүл болгохыг зорьсон байна. Добу мэргэн бол Бүртэ-чино-ын арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх дээд өвөг юм.
Добу мэргэн Гурван гол, Бурхан Халдун хавийн нутгийг эзэгнэн язгуур монгол аймгийг захирч байгаад цэл залуугаараа нас барсан байна. Тэр цагийн гурван голын Монголчуудын гол шинж бол олон овог аймаг, аймгийн холбоо их гэр бүл таран салж тус бүрдээ тэргүүлэгч зонхилогчтой болон шинэ шинэ газар нутаг эзэмшиж, овгийн байгуулал задарч, шинэ нийгмийн үр хөврөл боловсорч эхэлсэн байлаа. Энэ үеэс эсгий туургатан буюу хээр талын Монголчууд, ойн иргэд буюу хөвч тайгийн овог аймаг гэдэг ялгарал үзэгдэхүйц буй болж тэдгээрийн хоорондын нийгмийн хөгжлийн хир хэмжээ харилцан адилгүй байжээ. Энэ нь XI-XII зууны үеийг хамаарна. Добу мэргэн нас барснаар язгуур Монголын Ханы суурь дарилгин Монголоос нирун монголд шилжсэн юм.
Нирун Монгол гэдэг бол Алунгоогийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн  хөвгүүдийн залгамж удам гэсэн утгатай юм. Алунгоогоос үүссэн энэхүү ариун нуруу-Нирун гэдэг нь их нирун улсын үеийн домог байж болох юм. Энэ талаар доктор Гүнжинй Сүхбаатар “Монгол Нирун улс 330-555” зохиолдоо, маш тодорхой тайлбарлажээ. Нирун овгийн тухай Рашид-Ад-Диний зохиолд бусдаас тодорхой  мэдээ байдаг. “Судрын чуулган”-д дурдсан нь: “Алунгоогийн овгоос түүний нөхөр буюу Добу баян үхсэнээс хойш гарсан аймгуудыг Монгол-Нирун гэдэг... Монголчуудын санаж батлан хэлж байгаагаар Алунгоо нөхрөө үхсэнээс хойш туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг Нирун гэдэг Нирун гэдгийн утга нь Персээр “солб” нуруу юм. Энэ хөвгүүд гэрлээс гарсан болохоор ариун нурууг заадаг гэжээ”. Мөн цаашлан “Судрын чуулган”-д бичсэн нь Алунгоогоос гарсан гурван хөвгүүний бүх олон салбар аймгийг Нирун гэдэг нь бэлгийн бусаар нуруунаас төрсөн учир юм. Энэ нь Алунгоогийн ариун нуруу хэвлийг битүүхэн хэлж байна. эдгээр аймаг дундаас гарах том сувд модны үр адил бусад аймгаас ялгаран нэн дээд зэргээр хүндлэгддэг гэжээ. Алунгоо “тийм шөнө бүр нэг хонгор үстэй, бор нүдтэй хүн над дээр аяархан ойртож ирээд сэмхэн буцахыг би зүүдлэдэг байсан” гэж ярьдаг байсан хэмээн Рашид-Ад-дин бас бичжээ. Чухам ингэж Алунгоогийн ариун нуруунаас гарсан гэх домогтой Нирунчуудын дотор гурван ялгавар байсан нь Алунгоогоос Хабул хүртлэх үеийг нийтэд нь Нирун:, Хабул хааны зургаан хөвгүүн, дүү нар, үр ач нарын үеэс Есүхэй баатар Чингис хаан тэргүүтэн болон түүний хөвгүүдийн удам угсааг Хиад-Боржигон хэмээн тус тус нэрлэдэг байжээ. Добу мэргэн нас барсны дараа түүний бэлэвсэн гэргий Алунгоо тэнгэрийн хүүхэд төрүүлсэн тухай “судрын чуулган”-д ийнхүү тодорхой тэмдэглэсэнээс гадна “Монголын нууц товчоо”-нд бас л тодорхой өгүүлсэн байдаг.
Алунгоо хатан бол Хори түмэдийн Ариг усун гэдэг газар Хорилардай мэргэний гэрт төржээ. Алунгоо гэдэг нь төгс үзэсгэлэнт гэсэн утгатай. Алунгоогийн эх нь Баргужин төхөмд төрсөн Баргужин гоо байжээ. Алунгоогийн эцэг Хорилардай мэргэн захирсан ардаа авч, Бурхан Халдунд ирж нутаглажээ. Алунгоо хатан Добу мэргэнд олзлогдон ирж гэргий нь болж, улмаар Бүгүнүтэй, Бэлгүнүтэй нэрт хоёр хөвгүүн төрүүлжээ. Добу мэргэн өөд болсны хойно Алунгоо бэлэвсэн байхдаа Буха хатаги, Бухату Сальжи, Боданчар мунхаг гурван хүү төрүүлж нийт таван хөвгүүнтэй болжээ. Нэг эхийн цагаан сүүгээр бойжсон тэр таван хөвгүүн өсөж торнин эрийн эрийн цээнд хүрэх үедээ хоёр эцгийн хөвгүүд нь өөр хоорондоо үл итгэлцэн хоёр талцах хандлага гарчээ. Тэр ч байтугай Бэгүнүтэй, Бүгүнүдэй эчнээгээр эхээ шоолж, элдвийн хов жив хэлэлцэх болжээ. Хөвгүүдийнхээ дотор үүссэн тийм уур амьсгалийг Алунгоо хатан нэгэнт олж гадарлаад эв түнжинтэй байлгах талаар элдвийг эрэгцүүлэн боджээ. Энэ тухай нууц товчоонд тэмдэглэсэн нь: Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвгүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг Баягуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвгүүн түүний хөвгүүд биз гэж далд ярилцсаныг Алунгоо эх олж сонсжээ. Ингээд хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж өгч байгаад хэлсэн нь: “Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвгүүнийг яахан төрүүлэв.  Хэний хөвгүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн тооноор гийгүүлэн орж ирээд, миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвлийд шингэх бөлгөө тэр хүн гарахдаа нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одох тул тэнгэрийн хөвгүүд биз ээ.  Хар тэргүүт хүнтэй яахин адилтгаж болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ.” гэж сургаад миний таваар боосон сумыг та нар хугалаагүйн адил миний таван хөвгүүн тэр таван сум шиг бат бэх эв нэгдэлтэй яваарай хэмээн гэрээслэн захисан ажээ.
Чухам ингэж “Судрын чуулган”, “Нууц товчоо” зэрэг сурвалжид бичсэн Алунгоогийн домгоос үзвэл тэнгэрийн гэрлээс хөвгүүд төрүүлсэн болохыг ер бусын байдалд төрсөн гэдгээр, хөвгүүд нь тэнгэрийн хөвгүүд байх учиртайг, тэнгэрийн хөвгүүд нь Алунгоогийн ариун нуруунаас гарсан учир хөвгүүдийн удмыг нирунчууд гэж нэрлэгдсэн гэдгийг тодорхой мэдэж болох юм. Алунгоогийн тухай домог хожуу үеийн Монголын түүхийн сурвалж зохиолд янз бүрээр тэмдэглэгдэж бичигджээ. Эдгээрийн дотроос Жамбалдоржийн “Болор толь” зохиолоос нэгэн ишлэл татвал “Добу мэргэний анх авсан Булган хатнаас Буха, Буханцар хэмээх хоёр хөвгүүн олсны хойно эх нь өнгөрсөнд хойно авсан хатан, нэр Алунгоо хэмээх буюу Алун гэдэг. Тэр хатан бол гайхамшигт билэг төгс үзэсгэлэнт ажгуу. Тэр шалтгаантай болсны хойно даруй Добу мэргэн нас нөгчив. Алунгоо хатны зүүдэнд наран саран биед орох ба Алтан хуягт тэнгэр ирж биеийг сахих тэргүүтнийг зүүдлэн аж байгаад төрсөн хөвгүүн нь Боданчар хэмээв” гэж өгүүлжээ.
Түүхийн баримтуудаас үзвэл, Алунгоогийн таван хөвгүүнээс дарлигин монгол, нирун монгол үүссэн домогтой байсан бөгөөд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёрын үрс болон бусдаас нийлж дарилгин монгол, Буха хатаги, Бухату салжи, Боданчар мунхаг гурваас нирун монгол тус тус үүссэн болох нь тодорхой ажээ. “Нууц товчоо”-ы мэдээгээр бол Харчугийн хөвгүүн Боржигидай мэргэнээс Бэлгүнүтэй, Бүгүнүтэй овогтон хүртэл дөрвөн үе уламжлах ажээ. Рашин-Ад-Диний нэрлэсэн “Бүгдийн эмээ ээж Алунгоо” бол ухаант монгол эмэгтэйн жинхэнэ дүр мөн бөгөөд тэрээр монголын үр сад  өөр хоорондоо эвийг хичээж явбал эгнэгт бат орших, өрөөл бусдад үл доромжлогдоно гэдгийг таван хөвгүүнээрээ жишээ болгон сургажээ. Энэхүү алтан сургаал өнөө үеийг хүртэл үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй жинхэнэ ёсоор баримталбал зохих гэрээс сургаал болж байна. Нэгэн зэрэг монголчуудын ухаант өвөг дээдэс эв эеэ хичээж явахыг Алунгоогын дүрээр хойч үедээ хэлж захисан захиас гэж ч нэг их буруутахгүй билээ. Монголчуудын гол нуруу болсон нирун монгол дахин сэргэж, тэнгэрийн үрс гэдгээр домоглон үе улиран явсаар Хамаг монгол улсын үе хүрч, түүний гол араг яс болсон байна. Ер нь Алунгоогийн үеэс дээд тэнгэрийг шүтэх үзэл монголчуудын дотор нэн түгээмэл болж, эцгийн эрхт ёс зонхилж байсан тухайн үед хаан бол тэнгэрийн хөвгүүнд тооцогдон, дээд тэнгэртэй зөвхөн хаан л харьцаж чадна гэдэг хийсвэр ухагдахуун газар авч, яван явсаар тэр нь монголчуудын тархи толгойг бүрэн эзэмджээ. Ордосын эзэн хорооны Чингисийн тахилгад тэнгэрийг дуудаж, түүнтэй харьцан буйг харуулсан тухай уншлага одоо хүртэл онгоныг нь тайж буй дархадчуудын дотор байна. Хүнд үл ойлгогдохоор нууц байдалд унших дуудлага бололтой юм.
Алунгоогийн дээрх гурван хөвгүүний нэрээр хатигин, салжиуд, боржигин гурван гол овог үүссэн түүхтэй ажээ. Чингис хааны Боданчарын есдүгээр үе гэдэг. Боданчар бол хиад яснаасаа салаагүй зөвхөн ах нараасаа салж Боржигин овогтонг бий болгосон шиг байна.
“Нууц товчоо”-нд тэмдэглэснээс Боданчараас үндэслэн 16 овог салбарлан гарчээ. Эдгээр овгуудыг Боданчарын удмаас салбарлан гарсан улмаас цагаан ясан хэлхээтэй, улаан цусан барилдлагатай овгууд гэдэг. Тийм ч учраас тэдгээр овгууд өөрөө ураг холбож үл болох ажээ. Тэр нь угтаа ясан төрөл эцгийг төлөөлж, цусан төрөл эхийг төлөөлдөг монгол ёсон билээ. Энэ нь эцэг эхийн цус ойртоно хэмээн өөр хоорондоо ураг холбож үл болох гэсэн нэн хатуу ёсон байжээ. Эцэст нь дүгнэн өгүүлбэл Алунгоогийн домогтой адил домог сургаал дэлхийн түүхэнд түгээмэл байдаг ажээ. Тэрхүү түгээмэл үзэгдэл нь Монголын угсаа гарлын түүхэнд өвөрмөц байдлаар тусгалаа олсон хэрэг юм.
Монголчуудын удам гарлын тухай аман түүхээс гадна бичиг сурвалжид хомс ч гэсэн баримт мэдээ хадгалан үлдсэн байна. Тухайлбал Хятадын эртний сурвалж “Тан улсын хуучин судар” Жу таншу-ын “Умард Дигийн намтар”, “Гурван улсын тэмдэглэл” Сан Гочжи-ийн “Ухуань, Сяньби дорнод харийн цадиг”, “Вэй улсын бичиг” вэй шу-ийн “Шивэйн цадиг” зэрэг сурвалжид монголын удам гарлын тухай бузгай дэлгэрэнгүй мэдээ хадгалагдан үлджээ.
Монгол угсаатан бүрэлдэхэд эртний Монгол угсааны олон овог аймаг Хүннү, Сяньби, Тай, Жужан, Хятан оролцон явсан нь үнэн магадтай юм. Одоогоор бидэнд мэдэгдэж байгаа бичгийн дурсгал баримтаас үзэхэд Байгал нуураас урагш Ляодунгийн хойг хүртлэх өргөн уудам нутагт манай эриний анхны хэдэн зуун жилд аж төрж байсан нүүдэлчин овог аймгийн ихэнх нь монгол хэлээр ярилцаж байсан гэж үздэг. Эдгээрийн нэн холын хуланц дээдсийг нийтэд нь эртний сурвалж бичигт Дорнод ху гэж нэрлэдэг бөгөөд тэднээс гаралтай Саньби нарыг шивэй аймгуудын дээдэс хэмээн эрдэмтэд үзэх болжээ. Шивэй гэдэг нэр нь Сяньби гэсэн үг сунжирснаас гарчээ гэж зарим эрдэмтэд үздэг байна. Шивэй гэдэг нэр нь дорно зүгийн сурвалж бичигт манай эриний IV зуунаас эхлэн янз бүрийн хоч, ялгаварлах дүрс нэртэйгээр тэмдэглэгдсээр иржээ. Шивэй гэж тэмдэглэж байсан тэдгээр олон угсааны овог аймаг дотор Монгол Шивэй гэдэг аймаг байжээ. Чухам ингэж “Нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг сурвалж бичигт гардаг эртний үйл явдлыг болж өнгөрсөн гол нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь үндсэндээ үнэхээр Шивэй нарын оршин суусан нутаг болох нь тодорхой харагдаж байна. Ийм учраас Шивэй нарыг Монгол угсааны гарал үүсэлтэй нягт холбон үздэг байна.
Шивэй нарын нэр XII зууны үеэс түүхэнд тэмдэглэгдэхээ больжээ. Энэ Шивэй нар мөхсөнөөс болсон биш харин эртнээс шивэй гэдэг ерөнхий нэрийн дор явдаг олон янзын аймгууд урагшлан хөгжиж өөр өөрсдийн нэрээр нэрлэгдэх болсноос шивэй гэдэг ерөнхий нэр аяндаа гээгджээ.
Монгол шивэйн нутаг нь Онон, Эргүнэ мөрөн хоёрын хооронд байсан болох нь Эргүнэ-Кунгийн тухай домог болон Хятадын сурвалжийн мэдээтэй өөр хоорондоо авалцаж байгаагаар батлагдаж байна. Эрдэмтэд монгол шивэй мэн-гу шивэй-г монголчуудын элэнц дээдэс мөн болохыг санал нэгтэй зөвшөөрөн хүлээх болжээ.
VII-VIII зууны үеэс Хятад сурвалжид Монголчуудыг “мэнгу”, “мэнва”, “мэн-гу-ли” гэх мэт дүрс үсгээр тэмдэглэгдэж иржээ. Гэвч эдгээр монгол аймгууд VII-VIII зууны эхэн үе хүртэл хэрхэн амьдарч, ямар улс аймаг явсан нь түүхэнд их балархай байдаг. Харин VIII зууны дунд үеэс тэр талаар зэгсэн тодорхой болж эхэлсэн байна.
“Нууц товчоо”, “Судрын чуулган” болон Хятад сурвалжийн мэдээнээс үзэхүл, VIII зууны үеийн монгол аймгууд нь олон удаа салж, нийлж, заримдаа нутаг сэлгэн хол нүүдэллэх, дахин буцаж ирэх гэх мэтээр энд тэнд тархан нутаглаж байсан байна.
Монгол аймгуудын гол хэсэг нь IX зууны үед нутаг сэлгэн хойшлон нутаглаад, Хятан улсын 907-1125 үед Онон, Хэрлэн, Туул гурван голын эх Хэнтийн Бурхан халдун уулс болон дээрхи гурван голын эрэг хавийг дагаж нутаглах болжээ.
“мэнгу” хэмээх гол монгол аймгуудыг Онон, Хэрлэнд нутаглах болсон үеэс тэднээс бусад монгол аймгуудтай хольж хутгахгүйн тул монгол түүхчид Онон, Хэрлэнгийн монголчууд гэж ялган томъёолж бичих болжээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Чанцалдулам (зочин)

Bayrlalaa medexgv zvilee sn oilgood medeed awchlaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)